Jargaliin chimeetei boroo
2008-03-15
Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ

Мөнх хөх тэнгэрийн ерөөлтэй Монгол орны жирийн бус түүхэнд үлдэх энэхүү гайхамшигт өдрийн амар амгалан айлтган мэхийе.

“Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” тиймээ энэ үгийг хэлэх бүрийд, сонсох бүрт 1997 он санаанд ордог юм. Тухайн үеийн засгийн газраас тэр жилийг Залуучуудын жил болгон зарлаж байсныг би тодхон санаж байна. Үүсгэн байгуулагдаад удаагүй Камертон хамтлагийн залуус тэр үеийн рок, поп хөгжмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар зориглон шулуудсан залуу уран бүтээлчдийн хамт МУ-ын 4 зүг 8 зовхист “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” хэмээн залуусыг уриалан дуулж байсан. Тэгэхээр юуны ирээдүй өнөөдрөөс эхлэх гээд байгаа нь чухал. Мэдээж ирээдүйн тухай ойлголт учраас балчир бүхний, залуусын тэр дундаа Монгол залуусын ирээдүй эхлэх тухай ярьж байгаа нь ойлгомжтой.

            “Амьдарсан өдрүүдийн маань тоо биднийг хангалттай амьдарсан гэдгийг хэзээ ч илтгэж чадахгүй” мөн “Хүн 2 удаа амьдардаггүй гэвч нэг ч удаа амьдарч чаддаггүй хүн олон байдаг” гэж айхтар үг бий. Иймээс хүн болж төрсөнийх хүн шиг амьдрах тэр дундаа Монгол хүмүүн болж заяасаных иддэг уудаг, баадаг шээдэг, үрждэг олширдогоосоо гадна мэддэг чаддаг, мэдэрдэг ойлгодог, уйлдаг инээдэг, гялалздаг асдаг, нисдэг дайрдаг, эдэлдэг эзэлдэг, уярдаг хайлдаг, ухаардаг хатууждаг золбоолог амьдралыг туулж, эх орондоо ямар нэг хэрэгтэй зүйл хийж бүтээхийг эрмэлзэж, хийсэн шиг хийж амьдрах хэрэгтэй болов уу.

            Эх орны маань мандах уруудах, хөгжих доройтох эсэх нь үе тэнгийн залуучууд бидний л гарт байгаа учраас залуустаа хандан “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гэж уриалах гэсэн юм.

            Зарим нэг нь чиний наад яриад байгаа ирээдүй чинь аль 1997 онд эхэлчихсэн юм биш үү? гэх байх л даа. Тэр үнээн. Тухайн үеийн залуучуудын нийгмийн идэвх их өндөр байсан үе л дээ. “Та сувгаа битгий солиорой” хэмээн цэнхэр дэлгэцээр олны танил болж улмаар тэр жилийн шинээр үүсгэн байгуулагдсан Ц.Элбэгдоржийн засгийн газрын шинэхэн залуу сайд болсон Сайханбилэг, одоогийн Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Зоригтбаатар нарын санаачлагаар “Монголын ирээдүй залуучуудаас, залуучуудын ирээдүй өнөөдрөөс эхлэх” тухай уриалга хөдөлгөөн өрнүүлж тэр жил их зүйл хийж бүтээсэн нь саяхан мэт санагдавч өдгөө 10 жил өнгөрч, он жилүүд, цаг хугацаа өнгөрөх тусам уг уриалга, хөдөлгөөний эрч улам бүр суларсаар бараг мартагдах шахсан нь юуных вэ? 1997 оны үеийн залуучуудыг бодвол өнөөгийн залуусын нийгмийн идэвх ихээхэн буурсан нь эрх мэдэл, албан тушаалын наймаа газар авч, авилга, хээл хахууль гаарч, эмх цэгцгүй болсон төрд итгэх итгэл алдарсаных болов уу.

            Мөн Монгол амьдрах арга алга хэмээх үгс бараг ихэнх залуучуудын амнаас гарах нь олонтаа болж Монголоо гэсэн халуун сэтгэл, оргилсон эрч хүч, тэр энерги нь яаж ийгээд гадагшаа гарах гэсэн хүсэл тэмүүлэл болон хувирсан гэлтэй.

            Ер нь ч тэгээд тэдний зөв ч юм шиг улсын болон хувийн хэвшлийн боловсролын байгууллага нь бизнесийн байгууллага болсон тус улсын хөдөлмөрийн үнэлэмж тун бага бөгөөд залуусын хувьд гэр бүлтэй болоод цалингаараа сайхан хангалуун тайван амьдарна гэдэг зэрэглээн дундах баянбүрд адил алсын нэгэн мөрөөдөл болжээ.

            Мөн дөнгөж сургуулиа төгссөн дээд боловсролтой нэгнийг ажилд авахдаа дадлагжих хугацаа өгч тэр хугацаандаа бүр цалингүй ажиллуулах мода дэлгэрсэн байна. Багахан хүнсний дэлгүүрийн эзэн хүртэл хөргөгч, хөлдөөгчиндөө сар бүр элэгдэл тооцдог байтал амьд хүн ажиллуулж хүч хөдөлмөрийг нь шавхаж байж цалин олгохгүй байна гэдэг боолын хөдөлмөр эрхлүүлж байгаатай ялгаа алга. Эдийн засгийн наад захын анхан шатны мэдлэгтэй хүн ч ойлгохоор энгийн зүйл байгаа биз дээ.

            Заа тэгээд хаа сайгүй энд тэндгүй ажил төрөлгүй хүмүүс, бидэнд аль хэдийнэ энгийн зүйл болсон гудамжинд хэвтэх архичин, орой үдшийн цагаар баар, цэнгээний газар, буудлуудаар хэсүүчлэх охид, нийгмийн амьдрал сайжирч байна, улс орон хөгжиж байна, эдийн засгийн өсөлт 10%-д хүрлээ хэмээн цээжээ дэлдэх улс төрчид, хотын маань өнгө үзэмжийг чимэх хөглөрсөн хог, хөмсөгөө зангидан дуугаа хураасан гунигтай, баргар царайнууд энэ бүгд үйлдвэрлэл гэхээсээ илүү соёл муутай үйлчилгээний салбар нь хөгжсөн туйлдаж ядарсан эх орны маань өнөөдөр.

            Өнөөдөр бол бидний аав ээжийн, ах эгчийн хөдөлмөрөөр, тэдний төлсөн татвараар цатгалдсан эрх ямбатанууд, олигархуудын цаг үе билээ. Гэвч өнөөдөр бол тэдний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй сүүлчийн өдөр. Өнөөдөр бол залуус бидний цаг үе эхэлж буй өдөр.

            Өнөөдрөөс эхлэн бид ажилгүйдэл, ядуурал, архидалт, авилгалын хорт ургамалыг үндсээр нь зулгаан цэвэрлэж, оронд нь өнгө ялдам цэцэгсийг тарих болно. Хүн юу тарьна түүнийгээ л хурааж авдаг. Төмс тарьвал төмс л хурааж авна, мөнгө тарьвал мөнгө л хурааж авна, ядуурал тарьвал ядуурал л хурааж авна. Тиймээс бид хөгжлийг тарих болно. Бид л үүнийг хийнэ. Биднээс өөр хэн ч үүнийг хийхгүй ээ. Тэртээ тэргүй ядуурал тарьсан улс төрчдийн цаг үе дууссан. Тэгэхээр Монголын өнөөдөр ийм байна гэж зовлон тоочилгүй биднээс өөр хэн ч сэтгэл гаргахгүй үйл хэргийн төлөө ханцуй шамлан зүтгэх хэрэгтэй.      

            Бид бүгдээрээ Монгол туурагтан, бидний дунд бие биеэ нутаг усаар нь, яс үндсээр нь ялгаварлан гадуурхах үзэл бодол байхгүй. Харин үүнийг дэвэргэгч, элдэв цуу яриа гаргачид байгааг үгүйсгэж болохгүй. Монголчууд сайн үйл бүтээх гэж яваад үүнээс л болж олон удаа алдаж байсан. Бүр эрх чөлөө, тусгаар тогтнолоо ч алдаж байсан. Бидэнд өнөөдөр эв нэгдлээс илүү эрхэм чухал зүйл алга. Монгол туурагтан эв эеийг сахин амьдарч чадваас төв төвшин, монгол ургийн алтан багана тэгш байх болно. Монголчууд бид эв нэгдэлтэй байх аваас хүрэхгүй орой, давахгүй даваа, хүч хүрэхгүй үйл хэрэг гэж үгүй байх болно. Улс төр, нийгэм, эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үеийн  их түүхийн ээдрээт нугачаанд олдсон үүлэн чөлөөний нар шиг алтан хормыг алдах эрх та бидэнд байхгүй ээ. Энэ хормыг түүх та бидэнд л найдан өгчээ. Монголын мөрөөдөл унтаж буй нэгэнд зүгээр нэг хүрч ирдэггүй юм.

Монголын зүрх сайн цохилж байгааг би мэдэж байна. Учир нь Монгол залуучууд хийж бүтээх хүсэл эрмэлзэл, мөрөөдлөөр дүүрэн байна аа.

Монгол хөх толбо бүү арилтугай.

Тийм ээ Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ ээ.

 

Арига

 


Comments

2008-03-23 -

Бичсэн: g84

бүдүүлэг загнаж ийм их сөрөг юм бичсэнд хүлцэл өчие


үзэж өнгөрүүлсэн бүхэн чинь үнэт сургамж болдогт би хувьдаа өөрийн чинь өмнөөс тун талархалтай байдаг аа илэрхийлмээр байна.


бичилгээс чинь тунч сайхан дэврүүн сэтгэл хийгээд багагүй баримт тоочиж энэхүү сэдэвийг над мэтээр хир халдаалгахааргүй, судлаж бодолхийлж, чин сэтгэлээсээ итгэл үнэмшилтэй бичсэн гэдэг нь харагдаж байна. 


            “Амьдарсан өдрүүдийн маань тоо биднийг хангалттай амьдарсан гэдгийг хэзээ ч илтгэж чадахгүй”  гайхалтай үг байна залуу хүмүүс олж уншиж ухаж бодмоор ямар их нөлөөлөлтэй зүйл бичсэн байна гэж санаж байна


амжилт хүсэе

. Шууд холбоос


2008-03-14 - сайхан бичжээ чи.

Бичсэн: g84

1997 онд эхэлсэн нэгэн ирээдүй толгойгоо цагаан давуугаар боочихсон туг шатааж, жагсаал хийгээд явж байсныг бид харсан. ....У. Хүрэлсүх, тэр төмөрсүх ч байж чадахгүй юм шиг санагдсан. Суваг аа битгий солиорой чинь, бас  залуу байсан. тэр энэ үгийг хэлсэн гэж бодое ИРЭЭДҮЙ өнөөдрөөс эхлэнэ гэж. гэтэл тэр, за эсвэл тэд юу хийсэн гэж.....? гайхалтай нь өнөөдрийн залуус өөрсдийнх нь амьдарч буй энэ нийгэм нь ирээдүй байхад, багагүй хугацааны өмнө , 10н жилийн өмнө байсан залуусын мөрөөдөлд амьдарч байна гэдгээ мэддэггүй ....


бид өнөөдөр эхлэж буй ирээдүйд юу хийж чадна гэж, бүтсэн бүтээгүй, биелсэн биелээгүй, алдсан алдаагүй ирээдүй чинь өнгөрсөн үеийн хэн нэгний зүүд биш юм биз дээ ? тэгвэл хойч үе бидний зүүдэнд сэрнэ гэж үү ?


яг өнөөдөр, өнөөдөр дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн өсөлт болсонтой холбоотойгоор манай эдийн засгийн өсөлтөд таатай нөлөө үзүүлсэнээс биш, ганц ч,  өмнөх үеийнхэний ирээдүй өнөөдөрөөс эхэлдэг гэдэг гаруудын зөв бодлого, ултай хийсэн, шийдсэн зүйлийн үр дүн гэж байсангүй. цагийн эрхээр ирэх нийгэм соёлын, техник технологийн хөгжлийг хүртэл тэд өөртөө нааж ярих дуртай....


та бид хоёр энэ мэт хэлэлцээд ирээдүй өнөөдрөөс эхэлх үгүйг шийдчихэе л дээ, тэгж чадна гэж бодое. би л хувьдаа их ярьдагч,  тийм олон удаа зөв байгаагүй. гэхдээ бид хэн нэгэн бидний амьдралыг сайхан болгохын төлөө мятрашгүй зүтгэж, сая нэг бидэнд урагшлах замыг нээж, тавьж өгсөний дараагаар л гутал аа өлөн тоосгүй, цамц нь хөлсгүй алхах туртай улс, их муугаар хэлж буй хэдий ч, үнэн гэдэгт итгээрэй. бидний дунд төрийн дарангуйлалын эсрэг, татварын судраг бус хувиарлалт, эрх мэдэлтэнгүүдийн шамшигдуулалтын тухай хэн боловсролтой, тулахтай үг хэлж чадна гэж....? бид чинь нас тээмпээрээ баранд орж бүжиж л чадахаас, охид нь өмднийхөө тэлээг мулталж чадахаас, залуус нь архины бөглөө мулталж чадахаас өөр зүйл гавьтай сайн хийж чадахгүй шүүдээ, ийм байхыг ч тэд хүсэж байгаа... өмднийхөө товчийг тайлахаас өөр, хаалга татаж хэрэг бүтээхээр явж үзээгүй цөөхөн хүмүүс ирээдүйн маань эхчүүд, ирээдүй хойч үеийг маань хүмүүжүүлэгчид болно. тэд зарим нь үсээ хусуулж, зарим ДОХын арлашгүй улаан тамга даруулж улам бүр цөөрнө. харин залуусын энэ мэт нийтлэг хамгийн элбэгжүү хийж чаддаг зүйлээс өөр зүйл хийж чаддаг багахан хэсэг нь зөв бодол, үнэн зам мөрийг хөөж, шудрага хичээл зүтгэлээр явахын оронд бидний дургүй хүрдэг тэр хээл хахуулийг л авч байгаа шүүдээ, тэд чинь бид, бид чинь хоорондоо ялгарах юм байхгүй. бидний нэг хэсэг нь хээл хахууль авахыг чин сэтгэлээсээ хүсэвч, тийм боломж, алба тушаал олдохгүй л байгаа хэрэг шүүдээ. бид өөрсдөө биендээ авилага өгдөг шүүдэ...


тэгвэл Монголчууд энэ чигээрээ л  ядраг, зүдрэг, зовж, өлсөг л дээ, хэнд хамаатай юм. хэнд ч биш, зөвхөн бидэнд хамаатай. хангалттай зовж зүдэрч, мухардсан хүн л ухаалаг амьдрах аль эсвэл нохойн амьдралаар амьдарч, нохойн үхлээр үхэх эсэх сонголтоо хийдэг. hiroshima nagasaki-д япончууд ухаарсан, vietnamчууд амеркчуудтай дайтаж байж ухаарсан, германчууд 45-онд аль эсвэл берлины ханыг нурааж байхад, хэн нэгэн imagine гэж дуулахад, би ганцаара ингэж бодохгүй байна, чи ч гэсэн хэзээ нэгэн цагт надтай санал нэгдэж болох юм... гэж дуулахад өөрчлөлт авчиирсан салхинд гуниглаж, баярлаж алхахдаа ухаарч байсан байх. энэ мэт олон жишээ олдож болно. монголчууд ядарлаа гэхэд 5н ямаатай хонины бор морьтой явсан улс байсан. харин одоо модоо барьсан гуйланчлалд бид унаж байна. алт байгал хоёр, мөнгө хүн чанар хоёр дууссан. эх оронч зан гэж хэзээ ч байсангүй ээ бидэнд....


харин яг энэ цаг хугацаанд бид ямар нэгэн гарцын тухай ярилцаж, арга замыг хэлэлцэж, түүнийг сэдэж гаргаж чадаж гэмээнэ, бидний бодсон санасан үйлс бүхний үрээр бид өөрсдөө хооллоно, хувцаслана, тэр бүү хэл бүх монголчууд, хүн төрлөхтөнч хооллож хувцаслаж болно.


харин би хувьдаа, дүү нартай хайртай, тэдэнтэй хамт ИРЭЭДҮЙ эхэлсэн гэж бодож байна. Ховдод ард Аюушын талбай дээр ардчилал салхилж, Сүхээ ахын талбайд бид жагсаж байхад, эх нялхаст жирэмсэн байсан эхчүүдэд баярлалаа. тэд л ИРЭЭДҮЙГ тээж төрүүлсэн юм. тэд одоо бүгд үе тэнгийн 18-тууд, атаархам арван наймтууд..... ахиад таван жил, ахиад нэг арван жилийн дараа эцэг эхийн өврөөс тэд салж, эх орны толгойд гарна. тэр үед ардачлал, аль эсвэл үе үеийн өмнөх залуус бидэнд юуг авч ирэв гэж яриж, ирээдүй хэзээ хэлэв гэж дүгнэж болох юм. жаахан хүлээ,.. үүр хаяаарах болоогүй байна. бид чинь агент хэсэж шуудай тушааж, шийвгай идэж өссөн хөдөөлөг, бүдүүлэг, бас төлөвлөсөн төлөвлөгөөд алдарт эхийн 4-өөс найман хүүхдүүдийн л нэг. харин тэдний Ирээдүйнхэний дуу чангатай цоо яриа цэцэрлэгээс цэцэрлэг дамжин өртөөлж, арван жилийн сургуулиудыг доргиож, одоо их дээд сургуулийн танхимд  дөнгөж л цуурайтаж байна. тэд бүжиглэж байгээ, тэд, баар савыг бүү хэл монгол орныг ч, дэлхийг ч доргиох хүүхдүүд. тэдэнд тэнэгхэн гэнхэн бас жавхаалаг, бас ч үгүй омголон байх үүрэг бий. тэдэнд  ямар ч элдэв шалдав гоёл чимэггүй байх нь л сайхан харагдаж байна. ирээдүй тэдний эхэн үеийнхэнээс бодлог боловсруулж төр барихад л эхлэнэ. тиймээс тэднийг л ямар байлгах тухай бид энэ удаа сэтгэл чилээхэд хангалттай.


энэ хүртэл анхааралтай уншисан танд гилаалаа


гэвч сайхан бичижээ, бодолд маань зөрүү байгаа ч гэлээ......

. Шууд холбоос


Ертөнц инээж байна...
Ертөнц тань руу инээж байна...

Сүүлийн бичлэгүүд

. Чамайг ирэхэд л тэр явсан
. Хананд өлгөөтэй хөггүй гитар
. (гарчиггүй)
. Хүлээнэ
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Сэтгэлээ гэж...
. (гарчиггүй)
. Ус...Бороо...Цас...
. Үр бүтээлч сонсож сурахад мөрдөх дүрэм
. Сократын харилцааны ур чадварын нууц
. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ
. Л.Өлзийтөгс-1
. Г.Аюурзана
. Боржигoны бор тал
. Л.Өлзийтөгс
. Би хүн л биш
. Minii hairtiin misheel

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Boroon dusal
. Altan medali

Найзууд

. g84
. eternalzul22
. shine
. soragsan

Бичлэг: 13 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax