Санаа алдахад
Эхийн сvv тагнайд амтагдаж
Салхины vзvvр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь
Тэргэл саран туулж баралгvй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггvй нvцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хvн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргvvлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигvvртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь vхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сvvг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлvvлсэн
Чиний шарх
Зvрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зvрхлээгvйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нvдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй тvмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хvртэл
Намайг хvн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сvv
Гадагшлахын цагт
Шvлгээ би чам дээрээ
Хvн улуу шиг орхиод
Сvvдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь
Б. Лхагвасvрэн