Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан.
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
„ Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэпсэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.
* * * * * * *
Нүд чинь, харц чинь, хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж
үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь
1995 он
* * * * * * * * *
Зовлонг таригч хүслийнхээ
Зоргоор явах сайхан
Зоргоор дураар аашныхаа
Зоригонд бүдрэх сайхан
Салхилж, шуургалж, хийсч
Сарнин зүдэвч өндийж
Санаснаар болдопүй хорвоод
Санаснаар зүтгэх сайхан
Тэнгээр хэмждэггүй орчлонд
Тэрсэлж явах сайхан
Тэрслүү зангийнхаа бурууд
Тээглэж явах сайхан
Зөнгөөр, хорвоог сөрж
Зөрүүд аалиндаа алгадуулж
Зөвхөн чиний төлөө
Хоёр бүдрэх сайхан
* * * * * * * *
Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
Явъя
Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг
Солонгон доторх солонготой нь ганц л харчихаад явъя
Модод шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд
Одны гэрэлтэй усанд хөлөө нэг дүрчихээд
Бүр явъя
Сүүлчийн удаа, ганц л удаа
Сүмийн оройд заларсан гөрөөсөнд мөргөчихөөд буцъя
Ээ, хичнээн их хүсэл вэ, сэтгэл яасан ч их вэ
Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л